Хүсэлд хүрсэн амтыг цогцлоов

Олон улсын чанарын стандартад нийцсэн мах махан бүтээгдэхүүн

БНХАУ-РУУ ТАВАН КОМПАНИ АДУУНЫ МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН ЭКСПОРТОЛНО

Монголын аж ахуйн нэгжүүд БНХАУ руу адууны мах, махан бүтээгдэхүүн дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүн экспортлохоор болсон билээ. Энэ нь эдийн засгийн хямралтай үед гаргасан чухал шийдвэрүүдийн нэг гэж олон нийт сайшаан харж байна.

Манай улс урд хөрш рүү адууны мах, махан бүтээгдэхүүн гаргахдаа адууны махан бууз, банш, адууны ясны гурил зэргийг нийлүүлэх юм.
Уг ажлыг гүйцэтгэх эрхийг “Мах маркет”, “Монгол эко”, "Дархан фүүд мийт", “Хаан хүнс”, “Монтува” зэрэг таван компани авсан байна.
Харин жижиг ААН-үүдийн хувьд бүтээгдэхүүнээ экспортод гаргах хүсэлтэй боловч технологийн зарим шаардлагыг хангаагүй тул тэнцээгүй аж.

БНХАУ-ын хувьд манай улсаас дулааны аргаар боловсруулсан мах авахыг шаарддаг байна. Энэ нь 100 хэмд буцалсан мах буюу өөрөөр хэлбэл болсон чанасан, шарсан мах юм.  Ингэхдээ цул мах авах сонирхолтой байгаагаа илэрхийлж, бичиг баримт, эрүүл ахуйн 10 гаруй шаардлагыг ирүүлжээ. Тухайлбал, мэдүүлэг гаргагчийн үндсэн мэдээлэл, усан хангамж, боловсон хүчний нөөц, нядалгаа, яснаас нь салгах, жижиглэх үйл явц, үйлдвэрлэлийн байр, хадгалах нөөцлөх, нийгмийн халамж, угаалгын тоноглолтой холбоотой технологийн нарийн асуудлууд зэрэг асуумжуудыг багтаасан байна.

Хэдийгээр дотоодын чанар, стандарт, эрүүл ахуйн шаардлага зарим талаар импортын шалгуураас дээгүүр байгаа ч компаниуд нэгдсэн зохион байгуулалтаар ажиллах хэрэгтэйг албаныхан онцолж байна.

Дашрамд дурдахад, Монгол Улсад мах бэлтгэл, үйлдвэрлэлийн чиглэлээр 42 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд жилдээ 90 мянган тонн мах бэлтгэх боломжтой аж.

Түгээх